“Johnson & Johnson” компанийн вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж үзжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-02-25 13:28:20

ВАШИНГТОН. /The Verge/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн нэг тунт вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж үзжээ. Ингэснээр энэхүү вакцин нь АНУ-д зөвшөөрөгдсөн гурав дахь вакцин болох төлөвтэй байна.


Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson” компаниас ирүүлсэн вакцины мэдээлэлд дүгнэлт хийхэд сүүлийн гурван долоо хоногийг зарцуулжээ. Тус компани нь эмнэлзүйн туршилтаа АНУ, Өмнөд Африк, Латин Америкт явуулсан юм. Ийнхүү АНУ, Өмнөд Африкт явуулсан туршилтаар вакцин халдвар хүндээр илрэхээс 80 гаруй хувиар сэргийлжээ. Мөн вакцин хийлгэснээс хойших 28 хугацаанд “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 


Хүнс, эмийн хяналтын газрын тогтоосноор, АНУ-д уг вакциныг тариулснаас хойших 28 хоногийн хугацаанд халдвар хөнгөн болон хүндээр илрэхээс 72 хувиар сэргийлжээ. Харин коронавирусний шинэ хувилбар тархаад буй Өмнөд Африкт энэхүү үзүүлэлт 64 хувьтай байжээ. “COVID-19”-ийн бусад вакцины хувьд уг хувилбарын эсрэг сул үр дүн үзүүлээд байгаа юм. 


Хэдийгээр Өмнөд Африкт тархсан хувилбарын эсрэг үзүүлэх вакцины үр дүн буурсан нь санаа зовних асуудал боловч Хүнс, эмийн хяналтын газрын дүгнэлт “Johnson & Johnson”-ы энэ оны нэгдүгээр сард танилцуулсан урьдчилсан дүнгээс /58 хувь/ илүү байжээ.


Америкийн “Johnson & Johnson” вакцинаа 18 болон түүнээс дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрөх хүсэлтийг Хүнс, эмийн хяналтын газарт гаргасан бөгөөд уг байгууллагын вакцины асуудал хариуцлсан зөвлөх зөвлөл баасан гарагт хуралдахаар товлоод байна. 

Холбоотой мэдээ