Ложистикийн төвийг хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 14:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь ложистикийн төвийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Ложистикийн төвийн барилга барихад зориулж биржийн 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд 2,000.0 сая төгрөг төсөвлөснөөс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зарласан тендерт “Түшигт арга констракшн” ХХК шалгарч, барилгын ажлыг 1,753.24 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээлэн, 246.76 сая төгрөгийг хэмнэжээ.  


Тус төв хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг идэвхжүүлэх, зах зээлийн нэгдсэн дэд бүтцийг сайжруулахаар нийслэлээс 50 км зайд Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн нутагт “4 га” газарт байрладаг. Энд ноос, ноолуурын 600 мкв агуулах, мах, хүнсний 200 мкв хөргүүртэй агуулах, 210 мкв талбайд дуудлага худалдааны танхим, лаборатори, албан контор байх юм.


Ложистикийн төв нь Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэх, чанарыг тодорхойлох /лаборатори/, тээвэрлэх, хадгалах, даатгах болон биржээр арилжих цогц үйл ажиллагааг явуулахаар төлөвлөгдсөн.

Тодруулбал, арилжаалсан бараа, түүхий эдийг итгэмжлэгдсэн агуулахад хадгалах, ложистик болон хяналтын системээр дамжуулан биет бүтээгдэхүүний арилжааг хөнгөвчлөх, дуудлага худалдаа тогтмол зохион байгуулах, дотоодын үйлдвэрүүдийг арилжаанд оруулах, тэднийг дэмжих зорилготойг ХХААХҮЯ-ны цахим хуудсанд мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ