Монголын спортын ахмад сэтгүүлч Б.Сугаржав "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" хүртлээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-02-25 18:07:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын кино оператор, гэрэл зургийн сурвалжлагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ахмад гишүүн Баатарын Сугаржав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон" хүртлээ.

Б.Сугаржав нь 1939 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1959 онд Дорнодын 10 жилийн дунд сургуулийг, 1960 онд МУИС-ийн бэлтгэл ангийг төгссөн. 1960-1962 онд кино үйлдвэрт туслах оператор, оператороор ажиллаж байгаад 1962-1966 онуудад Польш улсад киноны дээд сургууль, ЗХУ-д “Союз спорт фильм” студид спортын кино операторын курс төгссөн билээ.

Тэрбээр 1966 оноос Монголын биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлд спортын сургалтын кино оператороор ажиллахын зэрэгцээ 1966-1996 онуудад “Спортын мэдээ”, “Монголын спорт”, “Таван цагариг” сонинуудад гэрэл зургийн сурвалжлагч сэтгүүлчээр хавсран ажиллаж, тухайн үеийн /1966-1999 он/ спортын бүхий л үйл явдлыг сурвалжилж Монгол Улсын БТС-ын салбарын алтан үеийн түүхийг гэрэл зургийн хальсанд мөнхлөн үлдээсэн гавьяатан юм.
Спортын сэтгүүлч Б.Сугаржав 1971, 1975, 1979, 1985, 1986 онуудад Софи, Минск, Парис, Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1972 онд Саппорогийн өвлийн болон Мюнхены зуны олимп, 1980 оны Москвагийн олимп, 1986 онд Москвад болсон “Сайн санаа”-ны тоглолтод сурвалжлагч, оператороор ажилласан билээ.


1995 онд Японы Сасакава спортын сангаас зарласан Олон Улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож 55 орны 7 мянга гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 зурагт шалгарч, дэлхийн спортын шилдэг номонд мөнхрөн үлдэж байсан. 1996 онд хүү спортын сэтгүүлч, гэрэл зурагчин С.Энхжаргалын хамт бие даасан үзэсгэлэнгээ гаргаж спорт сонирхогч олон түмэндээ дэлгэсэн юм.
Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 1992 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1989 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1994 онд сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдэг, 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар" одон, 2013 онд Монголд сэтгүүл зүйн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн медаль, мөн ондоо МҮОХ-ны шагнал “Алтан-Очир” одон, 2015 онд төрийн дээд шагнал "Алтан гадас" одон, 2019 онд Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан спортын сэтгүүл зүйн бахархал болсон сэтгүүлч, гэрэл зурагчин, спортын ахмад зүтгэлтэн билээ.
Спортын ахмад сэтгүүлч Б.Сугаржав улсад 35 жил ажилласны 33 жилийг нь зөвхөн Биеийн тамир спортын салбарт ажиллажээ.
Холбоотой мэдээ