Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлал төслийн танилцуулгыг хэлэлцэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 15:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийн танилцуулгыг хэлэлцлээ.


Долоон бүлэг, 48 заалттай энэ хуулийн төслөөр нийслэл хот, түүний чиг үүрэг, хотын эдийн засгийн харилцаа, удирдлагын бүрэн эрх, чиг үүрэг, хотын дагуул хот, хаяа тосгон зэргийг тодорхойлж байгаа юм. Улаанбаатар хот нийслэлийн үүргийг гүйцэтгэхийн тулд бусад хотоос илүү ямар чиг үүрэг хэрэгжүүлэх онцлогтой болохыг ч тусгажээ. 


Мөн нийслэл хотын санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлж, хот татвартай байх, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийг барьцаалан зээл авах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлнэ. 


Эдийн засаг санхүүгийн хувьд нийслэл хот нь үнэт цаас гаргах, чөлөөт бүс, дагуу хот, хаяа тосгодыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, концесс, нийслэлийн сан бусад гэсэн эх үүсвэрээс бүрдэнэ. 


Нийслэл хотын удирдлагын тогтолцооны хувьд одоогийн тогтолцоог хэвээр хадгалж байна. Харин хотын ерөнхий менежерийн чиг үүрэг, ажлын хүрээ, хариуцах асуудал, бүрэн эрхийг нь тодорхой болгоно. Мөн хотын ерөнхий менежер- дүүргүүдийн удирдлага хоорондын харилцааны эрх зүйн үндсийг тодорхойлох аж

Холбоотой мэдээ