Улаан буудайн урамшууллыг энэ сард багтаан олгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-25 15:51:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайн тн тутамд 55-100 мянган төгрөг олгох мөнгөн урамшууллыг энэ сарын 28-ны дотор аж ахуйн нэгж, иргэдийн дансанд шилжүүлнэ.


Стандартын шаардлага хангасан 254.3 мянган тн хүнсний улаан буудай нийлүүлж, урамшууллын баримтаа зохих журмын дагуу бүрдүүлсэн 13 аймгийн 767 иргэн, хуулийн этгээдэд 22.5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгох аж.  


Цар тахлын  улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотой 2020 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаан буудайнд олгох мөнгөн урамшууллын материалыг орон нутгаас цахимаар болон эх материалаар нь  авч, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын тушаалаар 5 ажлын хэсэг байгуулж, хоёр сарын турш ажиллан, урамшууллын нэгтгэлийг баталгаажуулжээ.

Холбоотой мэдээ