Аймгийн ИТХ-ын дарга Өндөрхангай суманд ажиллалаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-02-25 17:23:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд энэ сарын 22-24-ний өдрүүдэд Өндөрхангай суманд ажиллаад иржээ. Тэрбээр тус суманд ажиллах үеэрээ аймгийн ИТХ-аас хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж, орон нутгийн зүгээс хамтран зохион байгуулах ажил, арга хэмжээний талаар сумын удирдлагуудтай санал бодлоо солилцсон байна. Тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Жамбалрагчаа мөн түүнтэй хамт явжээ.

Энэ үеэр төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулсан Өндөрхангай сумын өндөр настан Оодонбаярын Дагинажав, “Шинэ зам-Увс” хоршооны тэргүүн Цэдэндоржийн Гомбо-Очир нарын шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд гардуулан өгч баяр хүргэсэн байна.

О.Дагинажав нь өдгөө 97 насыг зооглож буй ахмад буурай бөгөөд 14 наснаасаа нэгдлийн мал хариулж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Тэрбээр 12 хүүхэд төрүүлж өсгөсөн ба үр хүүхдүүд нь өдгөө улс, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Ц.Гомбо-Очир нь аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж “Шинэ зам-Увс” хоршоог үүсгэн байгуулж, Улсын тэргүүний хоршоо болгосон шилдэг менежер, бизнес эрхлэгч аж.

 

 

Холбоотой мэдээ