Танхимын хичээлийг зайн сургалтын мэдлэгийг бататгах байдлаар эхлүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-02-25 17:45:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Орон нутгийн ерөнхий боловсролын сургалт гуравдугаар сарын 1-нээс танхимаар эхэлнэ. Ингэхдээ зайн сургалтын мэдлэгийг бататгах байдлаар эхлүүлнэ гэдгийг тэрбээр онцлов.

Тэрбээр, “Өнөөдөр 21 аймгийн Боловсрол, соёл урлагийн мэргэжилтнүүдэд танхимаар сургалт зохион байгуулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн барих, сургалтаа хэрхэн зохион байгуулах чиглэлээр сургалт зохион байгууллаа. БШУ-ы сайдын 2021 оны 2 дугаар сарын 24-ний тушаалаар цэцэрлэг, ЕБС-ийн хичээл сургалтыг зохион байгуулах түр журмыг баталсан. Энэхүү журмаар гуравдугаар сарын 1-нд танхимаар сургалт зохион байгуулж эхлэхэд сургалтын хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчлан тусгасан. Танхимын сургалт эхлэхэд гол суурь агуулгыг эрэмбэлээд эхний дөрвөн долоо хоногт зайн сургалтын хүрээнд авсан хүүхдүүдийн мэдлэг чадварыг бататгах ажлыг хийнэ. Аажмаар хичээлийн тоо нэмэгдээд энгийн горимд шилжинэ” гэв.

Аймгийн төвийн ерөнхий боловсролын 170 сургууль, сумын төвийн 388 сургуулийн 350 мянга орчим хүүхэд ирэх сарын 1-нээс танхимаар хичээллэж эхэлнэ.

Холбоотой мэдээ