“Токио-2020” Зуны ХХХII олимпын наадам эхлэхэд 147 хоног үлджээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-02-26 13:01:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны ХХХII олимпын наадам эхлэхэд 147 хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа тасралтгүй базаасаар байна.


Дэлхий дахинд тохиолдсон “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулах байсан олимпын наадам бүтэн жилээр хойшлогдож, олимп, олимпизмын түүхэнд зөвхөн дайн байлдаанаас үүдэн завсарлаж байсан олимпын наадам анх удаагаа халдварт өвчин, цар тахлаас болж цуцлагдсан юм.


Дэлхий нийтээрээ энэ цар тахалтай олон сар тэмцэн ялан дийлж байна. Үүнийг батлан харуулах хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлсэн “Олимпын наадам”-ыг ОУОХ болон энэ хүнд цаг үед олимпын наадмыг зохион байгуулах эрх авсан Япон улсын Засгийн газар, Японы Үндэсний олимпын хороо эрсдэлгүй, өндөр зохион байгуулалттай “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.


Ирэх зун /2021.07.23-08.08/ олимпын наадам /паралимп 08.24-09.05/ болно гэсэн их хүсэл тэмүүлэл, итгэлээр дэлхийн тамирчид бэлтгэлээ хийж, спорт сонирхогчид ч тэсэн ядан хүлээсээр байна. Зуны олимпын наадамд 13 удаа оролцож, нийтдээ 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртээд байгаа юм. Харин өнөөдөр Монгол Улсын үндэсний шигшээ баг тамирчид 14 дэх удаагаа олимпын наадамд оролцохоор олон улсын хүүхдийн Найрамдал төв болон Техник спортын төвд энэ оны эхээр цугларалтад гарч бэлтгэлээ хийж байна.


Олон улсын Найрамдал төвд бокс, жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, таеквондо, цана, пара жүдо, пара таеквондо, пара цанын баг тамирчид, Техник спортын төвд буудлага спорт, байт харваа, хүндийн өргөлт, пара байт харваа, пара буудлага, пара хөнгөн атлетик зэрэг спортын 15 төрлийн баг тамирчид нэгдсэн цугларалтанд гарсан.


Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас нийт 19 тамирчин олимпын болон паралимпын наадамд оролцох эрхээ албан ёсоор аваад байгаа юм. Тодруулбал:


1. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа


2. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Анударь


3. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү


4. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн


5. Буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа


6. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Бямбажав


7. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Т.Тулга


8. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин С.Батцэцэг


9. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг


10. Сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй шигшээ багийн 4 тамирчин


11. Байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Б.Отгонболд


12. Пара буудлага спортын үндэсний шигшээ багийн тамирчин З.Ганбаатар


13. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа


14. Пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ


15. Пара пауэрлифтингийн шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ


16. Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Н.Мөнхбаатар


Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас ирэх 3, 4, 5, 6 дугаар саруудад олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдээс жүдо, чөлөөт бөх, бокс, каратэ, байт харваа, ширээний теннис, сагсанбөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй баг тамирчид албан ёсны  эрх авахаар бэлтгэж байна.


“Токио-2020” зуны XXXII oлимпын наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 8 жинд 186, эмэгтэйчүүдийн 5 жинд 100 тамирчин, нийт 286 тамирчинд эрх олгох юм. Үүнээс нийт тамирчдын 40 хувь нь Ази, Номхон далайн орнууд, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын эрхээ хүртсэн.


Харин өнгөрсөн оны III сард “Ковид-19” цар тахлын улмаас ид дундаа зогссон Европын АШТ ирэх IV сард Лондон хотноо зохион байгуулах байсан ч мөн VI сар хүртэл хойшилсон, Америк тивийн эрх олгох тэмцээн V сарын 10-16-нд Аргентин улсын Буэнос-Айрeс хотноо болсноор тив тус бүрээс oлимпод оролцох шилдэг тамирчдын нэрс тодрох байв.


Боксын олимпын эрхийн дэлхийн тэмцээнээс үлдсэн 53 /эрэгтэй 32, эмэгтэй 21/ олимпын эрхийн төлөө тамирчид өрсөлдөх байсан ч ОУОХ-ны Боксын асуудал эрхэлсэн Ажлын хэсгийн 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар “Парис-2021” дэлхийн эрхийн сүүлчийн тэмцээн  цуцлагдсан тул Африк, Америк, Ази-Далайн орнууд, Европ тив, бүс нутгуудад жин тус бүрт нь тэнцүү хуваарилахаар болсон. Түүнчлэн олимпын эрх хүртээгүй ч хамгийн өндөр оноотой боксчинд нэр заан олгохоор бүх жинд тус бүр нэг эрх /квот/ хадгалж, бүх тэмцээн өндөрлөсний дараа эцэслэн зарлахаар шийдвэрлэжээ.


Иймд тивийн АШТ-ээс эрхээ хүртэж чадаагүй боксчид нь сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг дээр дурдсан квотын дагуу олгоно. “Энэхүү олимпын эрх олгох үйл ажиллагааг ил тод, шударга явуулах зорилгоор бүх тэмцээний дүн мэдээг хөндлөнгийн аудитаар журмын дагуу шалгуулсан байна” гэж ОУОХ-ны боксын Ажлын хэсгийн дарга Моринари Ватанабэ мэдэгдсэн.


Олимпын эрхийн оноо олгох тэмцээн зохион байгуулах бус сүүлийн 4 жилийн буюу 2017-2020 оны хооронд оролцсон олон улсын тэмцээний чансааны онооны /BTF Ranking/ дагуу тив тус бүрээс олимпын эрхийг тогтсон квотын дагуу олгох бөгөөд олон улсын чансаанд дээгүүр бичигдсэн тамирчид олимпын наадамд оролцох эрхээ шууд авна.


Харин жүдогийн тамирчдын хувьд олимпын эрхийн оноо нэмж авах Ташкентын "Гранд Слам", Тбилисийн "Гранд Слам", Анталияагийн "Гранд Слам", Парисын "Гранд Слам", Унгарт явагдах ДАШТ гэсэн 5 тэмцээн байна.


Эдгээр тэмцээнээс манай эрэгтэй жүдочдоос ОУХМ Л.Өнөболд, Г.Хэрлэн, Ё.Басхүү /66 кг/, Г.Одбаяр, Ц.Цогтбаатар /73 кг/, 81 кг-д Иран гаралтай Саид Моллаей, Н.Дагвасүрэн болон Г.Алтанбагана /90 кг/, Л.Отгонбаатар /-100 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар, эмэгтэй жүдочдоос гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг /48 кг/, Л.Сосорбарам, Б.Хорлоодой /52 кг/, гавьяат тамирчин Д.Сумъяа, Л.Энхрийлэн /57 кг/, Б.Ганхайч /63 кг/ нар олимпын эрх авахад ойрхон байгаа юм.


Жүдо бөхийн хувьд 2021 оны зургадугаар сарын 28-ны өдөр хамгийн өндөр олимпын эрхийн оноо цуглуулсан жин тус бүрийн 18 тамирчин буюу нэг жинд нэг улсаас нэг тамирчинд Токиогийн олимпын эрх олгож байгаагаа зарлах юм.


Чөлөөт бөхийн тамирчдад олимпын эрх авах гурван тэмцээн байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод явагдах Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээн, мөн сарын 12-17-нд Алматыд болон Ази тивийн АШТ, тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софид болох олимпын эрх олгох тэмцээн байгаа.


Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 2021 оны тавдугаар сарын 26-30-нд Австри улсын Грац хотноо болох олимпын эрх олгох тэмцээн бий. Монгол Улсын шигшээ баг тус тэмцээний А хэсэгт Польш, Бразил, Турк, Чех зэрэг улсын шигшээ багуудтай тоглоно. Мөн Унгар улсын Будапешт хотод эрх олгох сүүлийн тэмцээн байгаа юм.


Монголын таеквондочдын хувьд Ази тивийн олимпын эрх олгох тэмцээн тавдугаар сарын 21-23-нд Йорданы Амман хотноо болох юм. 


Байт харваачдын хувьд олимпын эрхийн тэмцээн зургадугаар сарын 28-нд Парис хотноо эхлэх юм.


Монголын ширээний теннисчдийн хувьд олимпын эрх олгох Азийн тивийн тэмцээн гуравдугаар сарын 13-15-нд Катарын Доха хотноо болно.


Мөн спортын бусад төрлийн эрх олгох тэмцээний хувьд тодорхойгүй байгаа бол зарим төрөлд өмнөх амжилтаар нь шууд эрх олгох юм байна.

Холбоотой мэдээ