Баян-Өлгий аймагт сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр 312 хүүхэд суралцаж байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-26 13:07:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төв нь дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг БСШУС-ын сайдын 2019 оны А/156 тоот тушаалын дагуу зохион байгуулж байна.

Дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар ямар нэгэн шалтгаанаар сургууль завсардсан болон сургуульд огт хамрагдаж байгаагүй хүүхэд, залууст ерөнхий боловсролыг бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартад нийцүүлэн бие даах хэлбэрээр нөхөн олгодог.

2019-2020 оны хичээлийн жилд Дүйцсэн хөтөлбөрийн сургалтад нийтдээ 338 хүүхэд суралцжээ. Үүнээс бага боловсролд 46 суралцагч хамрагдсанаас 12, суурь боловсролд 160 суралцагч хамрагдсанаас 73, бүрэн дунд боловсролд 132 суралцагч хамрагдсанаас 34 суралцагч тус тус төгсөж, боловсролын үнэмлэх авсан байна.

Харин 2020-2021 оны хичээлийн жилд 312 хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ