Б.Батцэцэг: Сар бүр 8-14 тусгай нислэг үйлдэж, 2000 гаруй иргэнээ татан авна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-26 13:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс сар бүр 8-14 тусгай нислэг үйлдэж 2000 гаруй иргэнээ татан авах боломжийг бүрдүүлж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэв.


Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах хоногийг багасгах, нислэгийн давтамжийг нэмэх, нислэгийн хуваарийг эрт буюу 1-2 сарын өмнө зарлах, тасалбарын үнийг хөнгөлөх зэрэг саналыг Засгийн газарт танилцуулсан. Энэ хүрээнд гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг Шадар сайдын энэ оны 20 дугаар тушаалын дагуу 10 хоног тусгаарлаж, гэрийн ажиглалтад 4 хоног байлгах журам хэрэгжиж эхэлсэн байна. Иргэдийг гэрийн ажиглалтад шилжихэд нь гар утсанд нь тусгай аппликейшн суулгаж хянах аж. 


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Тусгай нислэгийн тоог нэмснээр иргэдэд тулгарах санхүүгийн дарамт буурна. Ерөнхий сайдын үүргийн дагуу гадаадаас ирж байгаа иргэдэд өөрсдөө тусгаарлах байраа сонгох боломжийг нь бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг 9411 гаруй иргэн гаргаад байна. Шинэ Засгийн газар эдгээр иргэдийн дийлэнхийг энэ оны тавдугаар сарын 1-нээс өмнө авахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, Казахстанд байгаа иргэдийг хүсэлтийнх дагуу энэ сарын 27-нд, Унгар улсад суралцсан оюутнуудыг ирэх сарын 3-нд “Хүннү Эйр” компанийн тусгай нислэгээр авах болсон. ГХЯ дөрөвдүгээр сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийг боловсруулж, агаарын хилийг шат дараатай нээх, тогтмол нислэг үйлдэх, гадаадын агаарын тээврийн нислэгийг сэргээх хэлэлцээг хийж байна. Энэ хүрээнд гуравдугаар сарын сүүлээр БНСУ-ын нислэгийг хүлээн авахаар төлөвлөж байгаа. Мөн хөрш орнуудаас ирэх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг УОК-т танилцуулсан. Өчигдөр Алтанбулаг боомтоор ОХУ-д амьдарч байсан 40 гаруй иргэнээ авсан” гэлээ.


Монгол Улс коронавирус тархаж эхэлснээс хойш дэлхийн 93 улсаас 29 мянга 385 иргэнээ татан аваад байна. Тодруулбал, 126 тусгай нислэгээр 22 мянга 675 иргэн, автозамын боомтоор 6710 иргэн ирсэн байна.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ