Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэнд туслажээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-26 13:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан коронавирусний улмаас хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон 65 иргэний хүсэлтийг шийдвэрлэж, 75 сая 106 мянган төгрөг зарцуулсан байна.


Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр мэдээлэхдээ, “Хилийн чанадад санхүүгийн хүнд байдалд орсон иргэдийг татан авах үүднээс НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд 941 иргэнд 3.4 тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон байна. Энэхүү тусламжийг Их Британи, Чех, Европын холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр олгосон гэдгийг онцлон тэмдэглье. Уг хамтын ажиллаганы хүрээнд энэ сарын 25-нд ирсэн Истанбул-Улаанбаатар, 27-нд үйлдэх Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр нийт 46 иргэний нислэгийн тасалбар болон тусгаарлах байрны зардалд 97 сая төгрөгийн дэмжлэг олгож байгаа. Тухайлбал, нислэгийн зардлыг  НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хариуцсан бол тусгаарлах байрны зардлыг ГХЯ-ны Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас гаргах юм” гэлээ.


Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн 2019, 2020, 2021 оны тайланг www.consul.mn цахим хуудсанд байрлуулжээ.

Холбоотой мэдээ