Хүүхдийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төслийн II үе шат хэрэгжинэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-26 14:30:14

Ховд /МОНЦАМЭ/. Хүүхдийг ивээх сан (ХИС) нь 1994 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй.

Тус байгууллага нь боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн ядуурлыг бууруулах, хүүхдийн эрхийн засаглал болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна. 

Хүүхдийг ивээх сан нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймагт гурван жилийн хугацаатай “Монгол Улсад хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл (хоёрдугаар үе шат) хэрэгжүүлэх гэж байна.  

Япон улсын Гадаад яамны санхүүжилтээр хэрэгжүүлэх тус төслийн үйл ажиллагаа 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэх аж.  

Улмаар ерөнхий боловсролын сургуулиудыг сонгон гурван жилийн хугацаанд үе шаттай ажил хэрэгжүүлнэ. 

Төслийн хүрээнд Хүүхдийг ивээх сан нь бага ангиас дунд ангид дэвшин суралцагчдын сурах үйл явцад дэмжлэг үзүүлэх, багш нарын тэгш хамруулах мэдлэг, арга зүйг сайжруулах, сургуульд тэгш хамруулах орчинг бүрдүүлэх, эцэг эх олон нийтийн ойлголт, хандлагад нөлөөлөх, холбогдох бодлого, журмыг боловсронгуй болгох болон тэдгээрийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах аж. 

Үүнтэй холбогдуулан тус төслийг Ховд аймагт хэрэгжүүлэн ажиллах “салбар”-ын туслах ажилтны ажлын байр зарласан байна.

Салбарын туслах ажилтны гүйцэтгэх үүрэг гэвэл байгууллагын бодлого, журам, төсөл санхүүжүүлэгчийн удирдамж баримт бичигт нийцүүлэн төслийн үйл ажиллагааг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд туслах юм. 

Иймээс уг ажлын байрны талаар сонирхсон иргэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, холбогдох бусад мэдээллийг Ховд аймгийн ЗДТГ-ын байр 103 тоот өрөө эсвэл 329365–17, 9811-9575 утасаар лавлах боломжтой аж. Мөн mongolia.secretary@savethechildren.org цахим хаягаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.   

“Монгол Улсад хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн нэгдүгээр үе шат гурван жилийн хугацаатай Ховд аймагт хэрэгжсэн бөгөөд ирэх гуравдугаар сарын 30-нд дуусах аж. Энэ хугацаанд бага ангийн сурагчдыг сургуульд тэгш хамруулах орчин бүрдүүлэхэд анхаарч ажилласан гэж албаны эх сурвалж мэдээллээ.  

Холбоотой мэдээ