Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад албан даалгавар хүргүүлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-26 15:44:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн удирдлагуудад хичээлийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар хүргүүллээ.

Албан даалгаварт ирэх даваа гарагаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан УОК-ын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар баталсан “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тухай” түр журмыг мөрдөх, байгууллагад өндөржүүлсэн бэлэн байдлын онцлогт тохирсон зохион байгуулалтын өөрчлөлт хийж, халдвар хамгааллын схем зураг гаргах, теле болон цахим хичээлд хамрагдаж чадаагүй хүүхдүүдийн судалгааг анги, бүлэг бүрээр гаргаж, хоцрогдлыг арилгах тусгай төлөвлөгөө гарган ажиллах, төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу бэлтгэхийг үүрэг болгожээ.

Мөн сургууль, цэцэрлэг орчмын бүс, хичээлийн болон дотуур байр, анги танхим, агуулахад халдваргүйжүүлэлт хийх, багш, ажилтан, хүүхдүүдэд гар угаах нөхцөл бүрдүүлэх, хичээлийн байр, дотуур байрны үүдэнд гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулах, өдөр бүр биеийн халууныг хэмжих, орж, гарахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зохицуулалт хийх, гаднаас авч буй хүнсний түүхий эд, бараа бүтээгдэхүүний хайрцаг, сав баглаа, боодлын гадаргууг сайтар арчиж цэвэрлэхийг даалгасан байна. 

Холбоотой мэдээ