“Оюутолгой” ХХК Монгол Улсын татварын албанаас тогтоосон төлбөрийг барагдуулж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2021-02-26 22:27:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оюутолгой” ХХК Монгол Улсын татварын албанаас тогтоосон татварын актыг хэрэгжүүлж, энэ сарын 25-нд 229.8 тэрбум төгрөгийн төлбөр төлжээ.


Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татвар төлөлтөд шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 гаруй тэрбум төгрөгийг төлөхийг эсэргүүцэж “Оюутолгой” ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсгээд байсан.  Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын төлөлтөд мөн хяналт шалгалт хийж, 2020 оны 12 дугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан. 


УИХ-аас 2019 оны 03 дугаар сарын 22-нд баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны 02 дугаар сарын 10, 19-нд тус тус “Оюутолгой” ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн. Татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь т229.8 тэрбум төгрөгийн татварыг энэ сарын 25-нд төсөвт төлөөд байна. 


Засгийн газрын ажлын багаас“Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.  

Холбоотой мэдээ