Цасан болон шороон шуурга шуурна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-02-27 11:46:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн нийт нутгаар ирэх сарын нэгнийг дуусталх хугацаанд цасан болон шороон шуургатай, хүйтэн байх төлөв гарчээ.

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсож, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг сануулав.

Түүнээс гадна малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амиа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг зөвлөлөө.

Холбоотой мэдээ