“Монгол, Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт болов

Монголын мэдээ | Эдийн Засаг
dusem11@yahoo.com
2021-02-27 09:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Олон улсын шинжлэх ухаан техникийн мэдээллийн төв /МЦНТИ/, ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль /РУДН/, хамтран “Монгол, Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалтыг 2 дугаар сарын 25-нд Олон улсын шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвийн байрнаас цахимаар зохион байгуулав.


Уулзалтын нээлтэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар, МЦНТИ-ийн захирал Ю.В.Лончаков, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Хоёр талт хамтын ажиллагааны газрын дэд захирал А.В.Зеленев, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч  Д.Рэгдэл нар үг хэлж, Монгол,Оросын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн асуудлуудаар байр сууриа илэрхийлэв.


Дугуй ширээний хэлэлцүүлэгт ОХУ-ын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн Монголын секторын эрхлэгч В.В.Грайворонский, тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн А.В.Воронцов, АО “РОТЕК”-ийн захирлуудын зөвлөл болон Орос, Монголын ажил хэргийн зөвлөлийн тэргүүн М.В.Лифшиц, “Орос ба Ази” сэтгүүлийн ерөнхий редактор, РУДН-ын Ази судлалын төвийн захирал Л.В.Шкваря, РУДН-ын Шинжлэх ухаан, боловсролын төвийн захирал В.И.Белов, Байгууллага болон иргэдийн эрх зүйн дэмжлэгийн үндэсний сангийн дэд захирал М.А.Некрасова, ОХУ-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд захирал В.И.Заботкина нар цар тахлын нөхцөлд хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны сорилт, боломж, эрх зүйн орчин, хэтийн төлөв сэдвээр илтгэл тавив.


Уулзалтад ОХУ-ын их, дээд сургуулиудын оюутан сурагчид хамрагдсан юм байна.

Холбоотой мэдээ