Вакцин хийлгэсэн хүний тоо 3 мянгаар нэмэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-02-27 11:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцин орж ирснээс хойш өнөөдрийн байдлаар 6808 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс 3 мянгаар нэмэгдэв. Хамрагчдийн 90 шахам хувь нь эмнэлгийн ажилтнууд байна. 

Дэлхийн хэмжээнд "COVID-19"-ийн эсрэг дархлаажуулалт эхлээд 2 сар өнгөрч, өдөрт 6.2-6.5 сая хүнд хийж байна. Өнөөдөр дэлхийд халдварын эсрэг 6 төрлийн вакциныг хэрэглэж байгаагаас “Файзер” болон “АстраЗенека” гэсэн хоёр нь ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөлтэй байна. Бусад 4 вакциныг тухайн орны Засгийн газраас зөвшөөрсөн болон эмийн бүртгэлд бүртгэх байдлаар хэрэглэж байна.

Үүнээс “Файзер” вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж үр дүн буюу үйлчлэл нь 95 хувьтай байна. Харин “АстраЗенека” вакциныг 55 улсад нэг тунг 4-12 долоо хоногийн хугацаатай хэрэглэж байна. Удаалаад “Модерна” болон ОХУ-ын “Спутник-V” вакциныг 18-28 оронд 21-28 хоногийн зайтай хэрэглэж байна. Тав дахь вакцинд БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцин орж дэлхийн 21 оронд хэрэглэж байна. Эцэст нь хамгийн сүүлд гаргасан Америкийн “Жонсон энд Жонсон” вакцин орж байна. Эхний ээлжинд 5 улс аваад буй тус вакцины онцлог нь 2 тунгаар 21 хоногийн зайтай хийж буй бусад вакцинаас  зөвхөн 1 удаагийн тунгаар хэрэглэдэгээр өвөрмөц байгаа аж. 


Холбоотой мэдээ