Ховд аймгийн 25 сургуульд 1004 бүлэг танхимаар хичээллэнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-27 11:48:28

Ховд /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 1-ний өдөр Ховд аймагт эхэлнэ.

Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Онцгой комисс, салбар яамнаас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйтгэл хийж, суралцагчдыг хүлээн авах бэлтгэл хангаж байна. 

Энэ хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн 731 бүлэгт 20 мянга гаруй сурагч суралцаж байгаа.  

Мэргэжлийн байгууллагаас нэг ангид 25-аас илүүгүй хүүхэд байх чиглэл өгсний дагуу тухайн сургуулийн анги бүрт “бүлэг” зохион байгуулалт хийж, бүлгийн тоог нэмэгдүүлжээ. Ингэснээр одоо нийт 1004 бүлэг хичээллэх аж.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулиас долоон сургууль нь гурван ээлжээр хичээллэх аж. Тодруулбал, Булган сумын ерөнхий боловсролын хоёр сургууль, аймгийн төвийн таван сургууль гурван ээлжээр хичээллэнэ.

Бусад сургууль хоёр ээлжээр хичээллэхээр бэлтгэл хангасан гэж Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэдээллээ.

Сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх болсонтой холбогдуулан Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас энэ сарын 26-нд цахим хурал зохион байгуулж, салбар байгууллагын удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ