Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарантуул” захын үйл ажиллагаатай танилцав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-02-27 14:16:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын худалдааны “Нарантуул” захын үйл ажиллагаатай танилцаж, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.


Худалдаачид тус зах руу ирэхэд микро автобусууд явахгүй, нийтийн тээврийн хэрэгсэл ганцхан чиглэлээр явж буй учир хүндрэлтэй байна гэцгээж байв. Ерөнхий сайд худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгч иргэдийг халдвараас сэргийлэх дэглэмийг сайтар сахиж, халдвар хамгааллаа барихыг хүслээ.




Харин худалдаа эрхлэгчид Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэгчид цөөн, борлуулалт тааруу байгааг хэлж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Халдварын 33 шинэ голомтыг барьсан, дэглэм сайтар баримталж, тархалтыг хумьж чадвал улсын хилээ нээхийг хичээж байна. “Нарантуул” руу голлон явдаг микро автобусуудад хүн суухад хоорондын зай барих шаардлагатай, тиймээс халдвар хамгааллын үүднээс явахгүй байгаа байх. Бүх зүйл нэг өдөр, нэг дор шийдэгдэхгүй, алхам алхмаар хийж, хамтаар хичээсэн нөхцөлд хэдхэн сарын дараа байдал өнөөдрийнхөөс өөрчлөгдөнө.

Өмнө нь зах зээлд эргэлддэг байсан 8 их наяд төгрөг өнөөдөр түгжигдэж Төвбанк дээр төвлөрөөд байгаа. Удахгүй зах зээлд оруулна. Энэ мөнгөний урсгал буюу эдийн засгийн цусны эргэлт чухам хүн ард, иргэдийн гол орж үйлчлүүлэн амьжиргаагаа залгуулдаг “Нарантуул” захаар дамжина.




Мөн та бүхний хүсэн хүлээж буй хил гаалийг 5 дугаар сараас нээхээр судалж ажиллаж байна. Хөдөө, орон нутгийн зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сараас мөн нээхээр ярьж байна” гэв. Тэрээр худалдаачдын өнөөдөр хэлсэн эдийн засгийг тэтгэх 10 их наядын төлөвлөгөөнд тусгаад буй ЖДҮ-ийг дэмжих зээлийг арилжааны банкуудаар дамжуулах нь өндөр шаардлага тавиад тэдэнд хүрэхгүй байх гэсэн асуултад, “Ирэх 7 хоногт би банкны салбарынхантай уулзана. Зээлийг анхан шатанд эзэд нь хэрхэн хүргэх талаар ярилцана. Бид өдөр шөнөгүй ажиллана. Удахгүй хэвийн байдалд шилжиж мөнгөний, худалдааны, амьдралын урсгал нэмэгдэнэ. 




Худалдаа эрхлэгчдэд амаргүй байгаа, намайг хараад загнах ёстой ч "болно бүтнэ" гэсэн хандлагаар хөдөлмөрлөж байгааг харах сайхан байна.

Тав орчим хувийн өсөлттэй байсан эдийн засаг -6 хувийн алдангитай байна. Улс орны хувьд ч амаргүй байна. Бүх асуудлыг улс шийднэ гэж хүлээж болохгүй. Халдвар хамгааллаа сайн баримтлаад зах зээлийн урсгалаа нэмэгдүүлж, хол хорио зарлахгүйгээр хэвийн ажиллавал нөхцөл байдал сайжирна. Үүний тулд бүх хүний хичээл зүтгэл чухал. Бидэнд итгэж, хамтдаа эдийн засгаа босгохын төлөө хичээцгээе гэлээ.


“Нарантуул” олон улсын худалдааны төвд 8,000 орчим иргэн худалдаа эрхэлдэг бөгөөд өдөрт 100-150 мянган хүн үйлчлүүлдэг байна. 




Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ