Тайландад “COVID-19”-ийн вакцинжуулалт эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-03-01 10:38:50

БАНГКОК. /Reuters/. Тайланд “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө ням гарагт эхлүүлж, Засгийн газрын сайд нар, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмнэлгийн ажилтнууд эхний тунгуудыг хийлгэлээ.


Хятадын “Sinovac Biotech” компанид гарган авсан “CoronaVac” вакцины эхний тунгуудыг Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул тэргүүтэй хүмүүс нийслэл Бангкок хот дахь Халдварт өвчин судлалын хүрээлэнд хийлгэжээ.


Тайландын Ерөнхий сайд Прают Чан-оча вакцины эхний тунгуудыг тарих үйл ажиллагаанд оролцсон бөгөөд “Sinovac”-ийн вакциныг 18-59 насныханд хийж байгаа тул өдгөө 66 настай тэрбээр вакцин хийлгээгүй байна.


Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайд Анутин Чарнвиракул "CoronaVac" вакцины эхний тунг хийлгэж байна


Тайланд өнгөрсөн долоо хоногт “Sinovac”-ийн 200 мянган тун, “AstraZeneca” компанийн 117 мянган тун вакциныг хүлээн авчээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, “CoronaVac” вакциныг халдвар тархах эрсдэл өндөр 13 мужид түгээж, ням гаргаас галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, сайн дурынхныг дархлаажуулж эхэлжээ.


AstraZeneca”-гийн вакцины хувьд чанарын шалгалт хийгдсэний дараа гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногоос хэрэглэхэд бэлэн болно гэж тус компани мэдээлжээ.


Тайланд 3, 4 дүгээр сард “CoronaVac” вакцины 1.8 сая тунг хүлээн авах төлөвтэй байна. Мөн зургаадугаар сараас эхлэх олон нийтийг дархлаажуулах аяны хүрээнд сард 10 сая тун вакциныг тарихаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт дотоодын “Siam Bioscience” компанид үйлдвэрлэсэн “AstraZeneca”-гийн 61 сая тун вакциныг ашиглах ажээ.


Тайландад өнөөдрийн байдлаар 25 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 83 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ