Партизан цэргийн нэрс мөнхөрсөн дурсгалын хөшөөг босголоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-03-01 20:16:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Эх орон, тусгаар тогтнолын төлөө ардын хувьсгалын тэмцэлд оролцсон партизан цэргүүдэд зориулсан дурсгалын хөшөөг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд босголоо. Тус сумаас Ардын хувьсгалд оролцсон ардын журамт цэргүүдэд зориулсан эл хөшөө нь Партизан цэргүүдийн түүхэн гавьяаг санан дурсах, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зорилготой юм.

Монгол Улсад улс төрийн ууган хүчин болох Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй “Эх орончдын өдөр”-өөр нээлтээ хийсэн уг хөшөөнд ардын журамт 100 партизан цэргийн нэрс мөнхөрчээ.

Хөшөөний нээлтэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол, Шаамар сумын МАН-ын дарга М.Баярбаатар, аймгийн МАН-ын тэргүүлэгч, ахмадын хорооны дарга Д.Бадарч болон партизан цэргүүдийн үр хүүхэд, ач зээ нар оролцон хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Мөн ардын журамт цэргийн үр сад болох Шаамар сумын ахмад настан Ж.Сүхбаатарт МАН-ын 100 жилийн ойн тэмдгийг гардуулан өглөө. Ардын журамт цэргийн үр хүүхэд, ач зээ нар нь сэтгэгдлээ илэрхийлэн үг хэлэхдээ аавыгаа, өвөөгөө дурсан санах, хүндэтгэл үзүүлэх хөшөөтэй болсонд талархаж байгаагаа илэрхийлж байв.  

Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 гаруй партизан цэргүүд оролцож байсны 311 нь Сэлэнгэ аймгийн харьяат цэргүүд байсан гэдэг. Эх орон, тусгаар тогтнолын төлөө харьшгүй тэмцэж халуун амь, бүлээн цусаа урсгасан эдгээр эрэлхэг цэргүүдийн түүхэн гавьяаг хойч үе мартах учиргүй билээ.



Холбоотой мэдээ