Хэнтий аймаг хэвийн горимд шилжлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-03-01 22:16:26
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаан өнөөдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцсэнийг сурвалжиллаа.
Тухайлбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Онцгой байдлын газраас цар тахлын үед баримтлан ажиллах түр журмын талаар танилцуулсан бол үргэлжлээд Цагдаагийн газрын хяналтын цэгүүдийн зардлын тооцоо, аймгийн ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлэх төсвийн талаар хэлэлцлээ.
Мөн хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор малын хорогдол гарч буй сумдад аймгийн нөөцийн өвсийг зээлээр буюу төлбөрийг дараа авах зохицуулалтыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын саналаар зохион байгуулахаар боллоо. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс хаврын эхэн үе буюу 3 дугаар сард нутгийн өмнөд хэсгээр, 4 дүгээр сард ихэнх нутгаар салхи олон жилийн дунджаас их байж болзошгүй талаар мэдээллээ. Цаашид хуурайшилт 3 дугаар сарын хоёрдугаар 10 хоногт ой хээрийн бүс нутгаар аюулт болон онц аюултай нөхцөлд хүрэх төлөвтэй байгаа талаар анхааруулж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг зөвлөлөө. Тус төвөөс Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд мэдээлэх багц мессэж үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд шаардлагатай УАЗ -ПУРГОН авто машиныг харьяа яаманд уламжилж, даруй шийдвэрлүүлж өгөхийг аймгийн Засаг даргаас хүслээ.
Тус хурлаар аймгийн Засаг даргын “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/104 дүгээр захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргасан юм.
1. Хэнтий аймаг нь коронавируст халдвар /Ковид-19/ илрээгүй Монгол Улсын Засгийн газрын 45 дугаар тогтоолын дагуу “Ногоон түвшин”-д хамаарч байгаатай холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдийг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүллээ.
2. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн цагийн хуваарьт шилжүүлж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газрын дарга /Б.Батсайхан/-д үүрэг болголоо.
3. Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх чиглэлээр гаргасан Улсын Онцгой комиссын даргын “Түр журам батлах тухай” 18 дугаар тушаалыг сурталчилж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг төрийн болон төрийн өмчит аж ахуй нэгж, байгууллага, иргэн хуулийн этгээд, бүх сумын Засаг дарга нарт үүрэг болгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын газар /Ж.Эрдэнэбат/, Цагдаагийн газар /Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/-т тус тус даалгав.
4. 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Түр журам батлах тухай” А/58 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг эцэг, эхчүүд, Боловсрол, соёл урлагийн газар /Б.Мөнхцэцэг/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/-т тус тус даалгав.
5. Аймаг хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссын 2021 оны 20 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт, Эрүүл мэндийн газар /Л.Мэндбаяр/, Авто тээврийн төв /Б.Ганбат/, Цагдаагийн газар /Б.Батсайхан/, Мэргэжлийн хяналтын газар /Б.Сүнгээ/, Онцгой байдлын газар /Ж.Эрдэнэбат/-т тус тус үүрэг болголоо.
6. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор түргэвчилсэн оношлуур, халдвар хамгааллын хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөгийн хөрөнгийг аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах сангаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваад зөвшөөрөв.
7. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Шуурхай штабын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбат нарт тус тус даалгалаа.
Холбоотой мэдээ