Сүхбаатар аймаг 1400 гаруй соёлын үл хөдлөх дурсгалтай

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-02 11:15:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2015 онд хийсэн түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогоор Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт нийт 277 дурсгалт газрын 1407 ширхэг дурсгал бүртгэгджээ. Тус аймаг түүх соёлын үл хөдлөх дурсгал олонтой ч соёлын энэхүү үнэт өвийн хадгалалт хамгаалалт хангалтгүй байгааг аймгийн Угсаатны зүйн музейн захирал Д.Ариундэлгэр хэллээ.

Дээрхийг тодруулбал, чулуун зэвсгийн дурсгалт газар 27, хадны зураг бичгийн дурсгал 21, 97 дурсгалт газрын 1157 ширхэг булш, тахилга тайлгын 42 байгууламж, барилга архитектурын 50 дурсгалт газрын 63 ширхэг дурсгал, хөшөө чулуун 39 дурсгалт газрын 97 хөшөө, Монголын эзэнт гүрний үед холбогдох 55 хүн чулуу, үйлдвэрлэлийн ул мөр хадгалсан дурсгалт газар нэг байдаг байна.

Тиймээс нэн тэргүүнд эдгээр өвийг хашаажуулж, хаягжуулах шаардлагатай аж. Энэ ажлыг тухайн сум орон нутаг хийх боломжтой. Гэтэл хамтын ажиллагаа байдаггүй, өөрийн газар нутаг дээр байгаа үнэт өвөө хайхардаггүй явдлаас болж бусдад алдах явдал эхнээсээ гарч байгааг анхааруулсан юм.

Таван жилд нэг удаа хийгддэг түүх соёлын үл хөдлөх тооллогыг нь өнгөрсөн онд хийх байсан ч цар тахлын улмаас хойшилжээ. 

Холбоотой мэдээ