Угтах, үдэх хаалганы тохижилтын зураг, төслийн уралдаан зарлав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-03-02 11:39:15
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГХБХБГ-аас Мандалговь хотын угтах, үдэх хаалганы тохижилтын загвар, зураг, төслийн уралдаан зарлажээ.

Мандалговь хотын угтах, үдэх хаалга одоогоос долоон жилийн өмнө тус аймгийн харъяат Л.Одхүүгийн санаачилгаар БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдийн хандив, тусламжаар босч байсан гэх түүх бий.  

Тэгвэл одоо Мандалговь хот хол, ойрын зочид төлөөлөгчдийг угтан авах, үдэх үүд хаалгаа шинэчлэн өөрчлөхийн тулд энэ сарын 1- 19-ний хооронд ийнхүү уралдаан зарлаж байна.

Зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, архитекторууд энэхүү уралдаанд оролцох боломжтой ба ирүүлсэн бүтээлүүдээс нэгийг шалгаруулж 5,0 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах ажээ.

Ирүүлэх бүтээл нь Дундговь аймгийн бахархал, амжилт бүтээл, соёл урлаг, зан заншил, ахуй амьдрал болон орон нутгийн онцлог, байгалийн өвөрмөц байдлыг илтгэсэн уран сэтгэмж бүхий архитектур, урлагийн орчин үеийн шийдэл агуулсан байх ба авто зогсоол, сандал, сүүдрэвч, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, ариун цэврийн байгууламж, хогийн цэгийг төлөвлөсөн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7059-2555,  8001-2555 утсаар авч болно. 

Холбоотой мэдээ