ДЭМБ гидроксихлорохиныг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-02 11:02:50

ЖЕНЕВ. /TASS/. Гидроксихлорохиныг коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уудаг эм болгон ашиглахгүй байхыг ДЭМБ-ын шинжээчид зөвлөж байна.


“COVID-19”-н шинж тэмдэггүй хүмүүс халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үрэвслийн эсрэг эм болох гидроксихлорохиныг хэрэглэж болохгүй” гэж ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн бүлгийн мэдэгдэлд дурджээ.


“Зургаан мянга гаруй хүн оролцсон судалгаанаас авсан мэдээлэлд үндэслэн энэхүү хатуу зөвлөмжийг гаргасан. Гидроксихлорохин нь коронавирусний улмаас нас барсан, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдлын түвшинд гойд нөлөө үзүүлээгүй нь батлагдсан. Үүгээр зогсохгүй энэ эмийг лабораторид батлагдсан халдварын тохиолдлуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэггүй бөгөөд хортой үр дагаврын эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай гэж үзэж байна” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. 


Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын шинжээчид гидроксихлорохин эмийг цаашид эн тэргүүнд судлахаа зогсоож, нөөц боломжоо коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх өөр бусад эмийг үнэлж дүгнэхэд ашиглана гэсэн дүгнэлтэд хүрсэн аж. 

Холбоотой мэдээ