Сумдын Засаг дарга болон байгууллагын дарга нартай онлайн хурал хийлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-02 11:32:42

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга болон байгууллагын дарга нартай ээлжит онлайн хурлыг энэ сарын 1-нд зохион байгуулсан байна. Хурлыг аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат удирдан явуулж, цаг үеийн мэдээ мэдээллийг танилцуулж, асуулт хариулт, санал хүсэлтийг сонслоо.

Сумдаас ирсэн зарим хүсэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжилж, эргэж албан бичгээр хариуг мэдэгдэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Хурлын төгсгөлд цаг үеийн болон тулгамдаж байгаа ажлуудаар дараах үүрэг даалгавруудыг өгөв.

1. Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн ERP системд байгууллагын албан хаагчдыг бүрэн нэвтрүүлэх, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн 03/227 тоот албан бичгийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах

2. Зарим сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар солигдсонтой холбоотойгоор Цэргийн штабт хамааралтай нууц баримт бичгийг сайтар хүлээлцүүлэх, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, Цэргийн албаны тухай хууль Дайчилгааны тухай хууль, Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, эдгээр хуулиудыг даган гарсан журам, зааврыг судалж, үүрэгт ажилдаа мөрдлөг болгон ажиллах, биелэлтэд хяналт тавих

3. Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь заалтын дагуу Цэргийн жинхэнэ алба хаагаагүй төрийн албан хаагчдыг үнэмлэхжүүлэх, бэлтгэл ажлыг хангаж ажиллах.

4. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 4-ний өдрийн А/44 захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон байгаа тул хэрэгжилтийг ханган ажиллах, хяналт тавих

5. Сумдад 2012 оноос хойш газар тариалангийн газар эзэмших эрх авсан иргэн хуулийн этгээдийн газруудад хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаж буй эсэхэд шалгалт хийж, ашиглаагүй газруудыг шийдвэрлэх талаар санал боловсруулах

6. Хаврын бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хайс хашлагыг цэвэрлэх, сэргээн засварлах ажлыг зохион байгуулах

7. Шар усны үер, хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах

8. Хаврын улиралд ой хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах

9. Улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендерийг хуулийн хугацаанд багтаан зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай, цахим хэлбэрээр зохион байгуулах, хяналт тавьж ажиллах

10. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан өвөл, зуны хүлэмжийн ашиглалтад шалгалт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах

11. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2021.03.01-нээс ЕБС, цэцэрлэгийн хичээл сургалт танхимаар эхлэхтэй холбогдуулан УОК-ын даргын 2021 оны 18-р тушаал болон БШУ-ны сайдын баталсан журмын дагуу сургууль, цэцэрлэгийн хичээлийн танхим, дотуур байрны бэлтгэлийг хангах, ариутгал, цэвэрлэгээг хийх, цэцэрлэг, бага анги, тусгай сургуулийн суралцагч, дотуур байрны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих шим тэжээллэг, амин дэмээр баялаг, бүтээгдэхүүн, халуун ундаа хэрэглэх

12. Мал аж ахуйн хаваржилт, мал төллөлтийн явц байдлын талаар судалгаа дүгнэлт хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан, ХХААГ-т ирүүлэх

13. Газар тариалангийн уринш, төмс, хүнсний ногооны тариалалтын бэлтгэл хангах, үр, үрсэлгээг захиалах, техникийн засвар үйлчилгээг хугацаанд нь бүрэн хийж бэлэн байдлыг хангах

Холбоотой мэдээ