Хиймэл дагуулд холбох төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-02 11:43:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас RFQ-2.6.3 утасгүй интернэт сүлжээ үүсгэх хиймэл дагуулын холболтын төхөөрөмж, интернэт үйлчилгээг нэг жил үнэгүй ашиглах эрхийн хамт Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.


Энэ төхөөрөмж нь хиймэл дагуулын холбооны KU давтамжийн зурваст ажилладаг. Алслагдсан, сүлжээгүй газарт үүссэн томоохон хэмжээний гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтоос нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг өндөр хурдны интернэт хандалтаар дуу, дүрс бичлэг, файлаар шуурхай, найдвартай дамжуулах, солилцоход зөөврийн байдлаар ашиглах юм. Мөн нэмэлт төхөөрөмжийн тусламжтай 3G/4G сүлжээ үүсгэх боломжтой.


Эдгээр багц тоног төхөөрөмжийн сансрын холбооны антен нь бүрэн автомат буюу хүний оролцоогүй хиймэл дагуулын сүлжээнд холбогдохоос гадна овор хэмжээ бага, угсарч суурилуулахад ямар нэгэн багаж, хэрэгсэл шаардахгүйгээрээ онцлог юм.


Тус төхөөрөмжийг Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслөөр санхүүжүүлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ