Шинжилгээний цэгүүдээр үйлчлүүлэгчид хоёр дахин нэмэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-02 12:55:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.


-Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусний шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ?

-Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг бүрт шинжилгээ авах хоёр цэгийг ажиллуулж байгаа юм. Шинжилгээний сорьцыг шинжлэх лаборатори дүүрэг бүрт бий. Мөн ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байгаа. Цаашид шинжилгээний цэгүүд байнга ажиллана. Нэг зүйлийг анхааруулахад, иргэд харьяа дүүрэгтээ байрладаг цэгт шинжилгээ өгөх хэрэгтэй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн бол дүүрэгтээ байдаг цэгүүдэд шинжилгээ өгөх юм.

Худалдааны төв, банк, эмнэлэг, дэлгүүр, үйлчилгээний газрууд гээд олон хүнтэй харьцдаг ажлын байруудын жагсаалт гаргаад, долоо хоногт байнгын шинжилгээ авдаг товлол гаргаж байна. Энэ нь шинж тэмдэггүй халдварыг илрүүлэх, хоёрдугаарт нийт хүн амын дунд халдварын байдал ямар байгааг тогтоодог олон улсын арга юм.


-Суурин цэгүүдэд ачаалал үүсэж байна. Шинжилгээний цэгүүдийн тоог нэмэх боломж бий юү?

-Өнгөрсөн долоо хоногт сорьц цуглуулах цэгүүдээр үйлчлүүлсэн иргэдийн тоо өдөрт дунджаар 9000 орчим байсан. Харин гуравдугаар сарын 1-нээс хот хоорондын зорчих хөдөлгөөн нээгдсэнээс ачаалал нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 19 127 хүн шинжилгээнд хамрагдсан байна. Энэ нь өмнөх өдрүүдийнхээс ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг юм. Ачаалал үүсгэж байгаа голлох шалтгаан нь аж ахуйн нэгжүүд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардах, иргэд орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд олон байгаатай холбоотой.


Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байгаа тул зайлшгүй болон хойшлуулшгүй ажил байвал орон нутаг руу зорчих шаардлагатай байна. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаад онцын шаардлагагагүй бол Улаанбаатар хотоос гарахгүй байх хэрэгтэй. Үнэхээр зайлшгүй шаардлагатай бол шинжилгээгээ өгөөд зохих бичиг баримтаа бүрдүүлээд явж болно. Цаашид шаардлагатай бол шинжилгээний цэгийг нэмнэ.


-Дүүргүүдийн шинжилгээний цэгүүдээр үйлчлүүлэхийн тулд заавал цаг авах ёстой юу?

-Иргэд заавал цаг авч шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Учир нь шинжилгээ хийж буй лабораторийнхоо хүчин чадалтай уялдуулж байгаа юм. Тухайлбал, голомт дагасан хавьтлуудын шинжилгээ, тэдгээрийн давтан шинжилгээ, тусгай онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн шинжилгээ зэргийг давхардсан тоогоор авахаар лабораториудын ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр иргэд цаг авч үйлчлүүлэх шаардлагатай байгаа юм. Бүртгэл мэдээллээс  харахад, хот хоорондын зорчигч тээврийн 250-300 автобусаар 10 мянга орчим иргэн хоногт үйлчлүүлдэг. Иймд бид суурин шинжилгээний цэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд eruul.gerege.mn сайтаар цаг олгох товлолыг нэг минут болгон багасгах, мөн шинжилгээний цэгийн урсгалыг гурван шугамаар зэрэг авах боломжийг бүрдүүллээ. Ингэснээр хоногт хийх шинжилгээний тоо гурав дахин нэмэгдэж, 13 440 иргэн сайтад хандан үйлчлүүлэх болж байгаа юм.


-Байгууллага, хамт олноороо шинжилгээнд хамрагдаж байгаа байдлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Уул уурхайн компаниудын үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс ээлж солигдох үед нь эрүүл мэндийн байгууллагаас нэгдсэн зохион байгуулалтаар шинжилгээнүүд хийж байгаа. Ер нь бол аж ахуй нэгж, байгууллагууд ажилчдаасаа шинжилгээний бичиг шаардах нь зохимжгүй юм. Хэрвээ шаардлагатай бол байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад хандах хэрэгтэй.  


-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээнд хамрагдах боломжтой юу?

-Иргэд төлбөрөө төлөөд шинжилгээгээ өгөх эрх нээлттэй. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас ийм хүсэлт ирсэн, бид боломжийг нь нээж өгч байгаа. Өнөөдрийн байдлаар “Интермэд” эмнэлэг хүсэлтээ өгчихсөн байна.


-“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ хэр үр дүнтэй болсон бэ?

-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед төр, эрүүл мэндийн байгууллага, ард иргэд хамтдаа ажиллах нь хамгийн үр дүнтэй гэдэг нь олон орны туршлагаас харагдаж байна. Бид голомтыг дагасан тандалтын ажлыг зогсолтгүй хийж байгаа. Мөн идэвхтэй тандалт болох “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г Улаанбаатар хотод гурван үе шаттай зохион байгуулсан. Энэхүү ажил үр дүнтэй болсон гэж үзэж байна. Нийт 504 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Гэхдээ иргэд хэт тайвширч болохгүй. Яагаад гэхээр энэ вирус асар өндөр халдварлах чадвартай.


-Цаашид иргэд юунд анхаарах нь зүйтэй вэ?

-Иргэд халдвар хамгааллын дэглэмээ хангалттай сайн баримтлахгүй байна. Хоёр цаг тутамд амны хаалтаа солихгүй, хүн хоорондын зайг барихгүй, гараа угаах, халдваргүйтгэхэд ач холбогдол өгөхгүй байна. Энэ нь халдварын эрсдэлийн нэмэгдүүлэх шалтгаан болж байна.

Холбоотой мэдээ