Хүлэмжийн таримлын үрийг иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-02 14:08:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын 110 кг үр нийлүүлж, өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно.


Ингэснээр хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар нэмэгдүүлэн, төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад түлхэц болох юм. 


Түүнчлэн, Бүгд Найрамдах Польш Улсын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд 8.5 мянган тн-ын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй 100 трактор, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмж нийлүүлнэ.
 
Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагч, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 1 га талбайг услах хүчин чадалтай бага оврын 78 бороожуулагч, жимс, жимсгэний тариалан эрхлэгчдэд  1-3 га талбайг услах хүчин чадалтай дуслын усалгааны 90 ширхэг системийг зээлээр олгоно. Энэ нь жилийн 6 хувийн хүүтэй, 6 жилийн хугацаатай аж. Үүний үр дүнд  усалгаатай талбайг 1500 га-гаар нэмэгдүүлнэ.


Холбоотой мэдээ