Гурав, дөрөвдүгээр сард багш нарыг вакцинжуулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-03-02 14:24:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн танхимын сургалт орон нутагт энэ сарын 1-нээс эхэлсэн бол нийслэлд хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.


БШУЯ-наас ‘’Нэг хаалга-нэг шинжилгээ’’-ний үр дүн, вакцинжуулалт, халдварын тархалтыг харж байж нийслэлд танхимын сургалтыг эхлэх эсэхийг шийдэх аж. Мөн танхимын хичээл эхлэхэд бэлтгэл ажлаа хангаж 3, 4 дүгээр сард багтаан багш нарыг вакцинжуулах саналыг УОК-т хүргүүлжээ.


БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлэхдээ, “Илэрсэн голомтуудыг хумьж, нөхцөл байдлын эрсдэлийг тооцсоны үндсэн дээр боловсруулсан саналаа УОК болон НОК-т танилцуулж танхимын сургалт эхлэх хугацааг тодорхойлно. Мөн өдгөө коронавируст халдварын шинжилгээ авч буй 50 сургуулийг 14-20 хоногийн турш ариутгаж халдваргүйтгэнэ’’ гэв.


Танхимын сургалт эхэлбэл, эхний ээлжинд сурагчдын хоцрогдлыг арилгахаар тус яамнаас төлөвлөжээ. Судалгаагаар 174 мянга гаруй хүүхэд хичээлийн хоцрогдолд ороод байгаа юм.

С.Анударь

Холбоотой мэдээ