Буянт гол дагуу гүйлт, алхалтын зам барина

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-02 22:39:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг хамгийн урт буюу 1300 орчим км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсад тэргүүлж байгаа.

Эдгээр замын арчлалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор салбарын мэргэжлийн байгууллагууд нэлээд ажил зохион байгуулж иржээ.

Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхтэй уулзаж, орон нутгийн зам тээврийн хөгжлийг өргөжүүлэх замаар 2020 онд хийсэн онцлох ажил, 2021 онд хэрэгжүүлэх томоохон ажлын талаар тодрууллаа.

Өнгөрсөн 2020 оны тухайд Мянгад, Алтай суманд замын даацын хяналт хийх “пүү” байгуулах ажлыг шинээр гүйцэтгэсэн. Улмаар таван хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг томилон ажиллуулж байна.

Мөн Мөст суманд 20.3 км, Цэцэг сумын төвөөс Хөшөөт-Ярант чиглэлд 4.9 км, Мянгад сумын төв гудамжинд 0.8 км хатуу хучилттай авто зам шинээр барьж, ашиглалтад оруулсан.

Үүнээс гадна аймгийн төв буюу Жаргалант суманд 10.6 км хатуу хучилттай авто зам барьж, явган зам, гэрэлтүүлгийн ажил хийлээ.

Уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээ хийсэн ба Чандмань сумын замыг засаж сайжрууллаа.

Ховд аймгийн Дөргөн сумын Чонохарайхын голын төмөр бетонон гүүрний угсралтыг эхлүүлсэн. Түүнчлэн Мөнххайрхан суманд хоёр модон гүүр, Буянт, Алтай, Мөст суманд төмөр бетонон гүүрийг ашиглалтад оруулсан.

Харин энэ онд Ховд аймгийн хэмжээнд зам тээврийн хөгжлийг шинэ шатанд гаргах зорилтын дагуу улсын болон орон нутгийн төсвөөр 10 гаруй ажлыг шинээр хийхээр төлөвлөлт гарсан байна.  

Тодруулбал, 2021 онд Ховд сумын Улаан бураа баг, Мөнххайрхан сумын Сэнхэрийн голд малчид, иргэд ашиглах зориулалт бүхий гүүр барина. Мөн Мянгад сумын Боомын ам, Буянт сумын Цагаанбургас багийн Захын гуу Зэгэстээн гол гэх газарт шинээр гүүр барих юм. Эдгээр гүүрний байгууламжийн ажилд орон нутгийн төсвөөс 355 сая төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөжээ. 

Мөн авто замын засвар, нөхөөс, тэмдэг тэмдэглэгээ хийх, Ховд аймаг руу орох, гарах чиглэлд самбар, хаяг байршуулах зэрэг дөрвөн ажилд 210 сая төгрөг зарцуулах аж.

Зэрэг сумын сургуулийн камержуулалт, Жаргалант сумын гэр хорооллын бүсийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх чиглэлд таван ажил төлөвлөж, 450 сая төгрөг зарцуулахаар байна.

Үүнээс гадна шинээр авто зам, явган зам барих хоёр ажил төлөвлөж, нийт 260 сая төгрөг зарцуулахаар тусгасан байна. Тухайлбал, Буянт гол (их голын гүүрний чиглэлийн зам) дагуу гүйлт, алхалтын зам барина. 

Ховд аймгийн төвөөс гурван км зайд “Буянт гол” оршдог. Дулааны улиралд Ховд аймгийн төвийн зарим айл өрхүүд Буянт голын ай сав дагуу зусланд гардаг. Мөн зарим иргэд голын ай сав дагуу алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх тохиолдол нэлээд буй. Иймээс Буянт гол (их голын гүүрний чиглэлийн зам) дагуу гүйлт, алхалтын зам барих ажлыг шинээр төлөвлөсөн ба 2021-2022 онд гүйцэтгэх юм.

Мөн улсын төсвийн санхүүжилтээр энэ онд шинээр болон он дамжин хэрэгжих таван ажил буй. Эдгээр ажлыг тусгай хуваарь, төлөвлөгөөний дагуу үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд одоогийн байдлаар ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл хангаж байна.  


 

Холбоотой мэдээ