Х.Баяртуул: Заал, фитнесийн үйл ажиллагаа хэвийн явж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-03-03 11:04:35

Увс /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисс болон Биеийн тамир спортын улсын хорооноос ирүүлсэн чиглэл, түр журмын дагуу Улаангом суманд заал, фитнесийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Энэ талаар аймгийн БТСГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Х.Баяртуулаас тодрууллаа.

-“Цагийн хуваарийн дагуу 09.00-22.00 цагийн хооронд манайх ажиллаж, фитнес, сургалт, секцэд хамрагдаж буй иргэдийн мэдээллийг Биеийн тамир спортын улсын хороонд явуулж байгаа. Улаангом сумын хэмжээнд спорт заал, иог, фитнес клубээр өдөрт дунджаар 400-450 орчим иргэн үйлчлүүлдэг гэсэн мэдээ байна. Нэг удаад 10 орчим хүний дүүргэлттэй. Албан байгууллагууд цагийн хуваарийнхаа дагуу дүүргэлтэд тохируулан хамрагдаж байна.

Орчны халдвар хамгааллыг сахиж ариутгах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийхээс гадна спортын газрын харьяа фитнес клубүүдэд 2 хүнийг хяналт тавин ажиллуулж байна. Үйлчлүүлж буй иргэдийн халууныг хэмжин, бүртгэлжүүлж хэвшсэн. Үүнээс гадна заалаар үйлчлүүлэх иргэдийг урьдчилсан байдлаар захиалга өгсөн бол хүлээлгэхгүйгээр цэвэрлэгээг нь хийж оруулах, агааржуулалт сэлгэлтийг тогтмол явуулж байна. Иргэд цаашид амны хаалтаа зүүх, нэг удаагийн гар ариутгал, хувцас хэрэгсэл зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангаж, халдвар хамгааллын дэглэм зөрчихгүйгээр үйлчлүүлэх хэрэгтэй байна” хэмээн аймгийн БТСГ-ын даргын түр орлон гүйцэтгэгч Х.Баяртуул ярилаа.

Холбоотой мэдээ