Анги танхимын агаар сэлгэлтийг сайжруулна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-03-02 22:35:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс цаг үеийн шийдвэрийг танилцууллаа.

Аймгийн БСГ-аас 2 дугаар сарын 26-ны өдөр МХГ, ЭМГ-ын тархвар судлаач, ОБГ, Баянхонгор сумын ЗДТГ зэрэг байгууллагатай хамтран хийсэн үнэлгээгээр Баянхонгор аймагт коронавируст халдвар тархах эрсдэлийг “өндөр” гэж дүгнэсэн. Тус үнэлгээтэй холбоотой санал зөвлөмжийг хэлэлцэх үеэр аймгийн Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан 50 мянган ширхэг амны хаалтыг шаардлагатай (зорилтот бүлгийн) сурагчдад тарааж өгөх шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ нэг хүүхдэд  нэг сарын хэрэглээг нь хангах тоо ширхэгтэйгээр хүргэхээр тогтов.

Мөн аймгийн Онцгой комиссын нөөцөд буй гар ариутгагчаас ЕБС-ийн анги бүрт хүртээх байдлаар олгох бөгөөд анги танхимын агаар сэлгэлтийг сайжруулахад шаардлагатай шүүлтүүр тавих саналыг зүйтэй гэж үзээд холбогдох тооцоо судалгааг хийж танилцуулахыг БСГ-ын дарга Ц.Энхтөрд үүрэг болголоо.

Харин зарим сургууль, цэцэрлэг эмчгүй ажиллаж байгаа асуудлыг салбарын даргын хувьд өөрөө судалж шийдвэрлэх, сургууль орчмын бүсэд хүүхдийг ундны бүлээн усаар хангах ус цэвэршүүлэгчтэй болгох гэсэн саналыг тухайн ЕБС дотоод нөөц боломжоор шийдүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Холбоотой мэдээ