Алтанбулагт “Төгсөгчдийн дурсгалт цогцолбор” босгоно

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-03-03 09:24:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн хөгжлийн түүчээ болж, олон чадварлаг мэргэжилтэн бэлтгэн төрүүлж байсан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг ХАА-н техникумын хэсэг төгсөгчид санаачлан “Төгсөгчдийн дурсгалт цогцолбор” барих ажлыг өрнүүлжээ.

Зохион байгуулагчдын зүгээс тус сургуульд сурч, ажил мэргэжлийн анхны гараагаа эхэлж, амьдралд хөл тавьж байсан үе үеийн төгсөгчид, багш, ажиллагсдаа энэхүү бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэд төрөлх сургуулиараа үргэлж бахархан талархаж явдаг бөгөөд Монголын нийгмийн өөрчлөлтийн давалгаанд өртөн устаж, эргээд очиход сурч байсан сургууль, анги танхим нь үлдсэнгүйд туйлын ихээр харамсаж явдаг аж. Иймээс тус сургуулийн төгсөгчдийн санал санаачилга нэгэн зүгт чиглэн сургуулиа эргэн дурсах үүднээс энэхүү “Төгсөгчдийн дурсгалт цогцолбор”-ыг барихаар сэтгэл шулууджээ.

Дээрх үйл ажиллагааг санаачлагчдын нэг тус сургуулийн 1990 оны зоогийн ангийн төгсөгч Д.Жавзандулам: ”Бидэнтэй санаа нэгдэж, хамтдаа энэ сайхан байгууламжийг цогцлоон босгоход сэтгэл зүрхээ зориулан оролцоорой гэж бусад төгсөгчдөө уриалан дуудаж байна. Алтангаар овоглосон тэр сайхан сургуулийг төгссөн олон мянган төгсөгч, багш, сурган хүмүүжүүлэгчид, ажиллагсад, тэдний үр хүүхдүүд, сургуультай холбоотой бүх иргэн та бүхнийг энэ ажилд оролцож, хандив тусламж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт тэд итгэж байна” гэлээ.

80-аад жилийн түүхтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь ХАА-н техникум нь тухайн үед агротехник, механикч, зоотехникч, малын бага эмч, сүүний механик технологич, үйлдвэр сургалтын мастер багш зэрэг мэргэжлүүдээр 5000 шахам мэргэжилтэн бэлтгэжээ. Мөн 500 гаруй оюутан, 100 гаруй багш, ажилчинтай томоохон сургууль байсан. Тус сургуулийн түүхэнд 1976-1977 оны хичээлийн жилд дөрвөн давхар хичээлийн шинэ байр, хоёр давхар, гурван оюутны дотуур байр сүндэрлэн ашиглалтад орж, Алтанбулаг сумын хөгжилд өнгө нэмэн сүндэрлэж байсан түүхтэй. Гэвч дунд мэргэжилтнүүдийн номын их өргөө болсон тус сургууль зах зээлийн хар шуурганд ийн мартагдахад хүрсэн тул үе үеийн төгсөгчид эл ажлыг эхлүүлжээ. Дээрх үйлсэд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох хүмүүс ХААН банкны 5119159799, Төрийн банкны 140800421666 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөж, 99034593, 93064455 дугаараар холбогдож болох юм байна. Цогцолбор барих газрын зөвшөөрлөө албан ёсоор авсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулан зургаа ч гаргаж амжсан байна.   

Холбоотой мэдээ