Нэг сурагч нэг ширээнд суухаар зохицуулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-03-02 22:27:43

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр хөдөө орон нутагт цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа энэ сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Сэлэнгэ аймгийн хэмжээнд урьдчилсан судалгаа авсны үндсэн дээр нийт сурагчдын 95 хувь нь танхимаар хичээллэж байгаа ажээ. Цахимаар хичээллэх хүсэлтэй сурагчдын тоо нэг хувь хүрэхгүй байгаа бөгөөд үлдсэн хүүхдүүд нь Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж амжаагүй сурагчид байгаа гэнэ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтнүүд, аймгийн МХГ-ын улсын байцаагчдын хамт халдвар ариутгалын ажлыг зохион байгуулан ажилласан байна. Мөн багш, сурагчдын орох, гарах хөдөлгөөнийг зохицуулах орц, гарцыг бэлтгэх, нэг анги танхимд хичээллэх сурагчдын тоон судалгааг гаргажээ.

Аймгийн тухайд 1000-аас доош сурагчтай сургуулиудыг хоёр ээлжээр хичээллүүлж, 1000-аас дээш сурагчтай сургуулийг мөн тусгай журмаар хичээллүүлэх боломжоор хангаж байгаа хэмээн Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан хэллээ.

Тодруулбал Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургууль хичээлийн хоёр байртай. Тус сургууль сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлж, нэг сурагч нэг ширээн дээр суухаар зохицуулжээ. Сурагчдын бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж хичээл эхлэх, завсарлах, тарах цагуудыг хооронд нь зөрүүлж байгаа гэв. Мөн бага анги гурван цагийн хичээл, дунд ахлах ангийн сурагчид дөрвөн цагийн хичээл тус тус орно хэмээн тус сургуулийн захирал Н.Энхтөр ярилаа.

Улс орон даяар үүссэн нөхцөл байдалтай уялдуулан, халдвар хамгааллын журмыг чандлан сахих үүднээс сургуулийн сурагчдыг хичээлийн хэрэгслээ хоорондоо солихгүй байх. Мөн үдийн хоолонд хамрагдаж байгаа сурагчид өөрсдийн аяга тавагтай ирэх, гадуур хувцсыг ил өлгөхгүй уутанд хийх. Түүнчлэн хоёр ээлжийн амны хаалт, гар ариутгагч зэргийг зайлшгүй авч ирэхийг эцэг, эхчүүд, асран хамгаалагчдад даалгасан байна. Хүүхдүүд хичээллэх хугацаанд 12-р ангийн сурагчдаас бусад ангид давтлага болон секц дугуйлан, урлаг, спортын үйл ажиллагааг хориглосон ажээ.  

Холбоотой мэдээ