Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-03-02 22:44:29

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 11 дүгээр хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгалаа.

Мөн хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг Онцгой комиссын шуурхай штабаас танилцууллаа.

•Аймаг доторх зорчих хөдөлгөөн чөлөөтэй болсон.

•Байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжин өдөр тутмын хуваарийн дагуу үйл ажиллагааг хэвийн явуулна.

•СӨБ-ын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 4-нөөс хэвийн горимд шилжүүлэн, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллана.

•Худалдааны төв болон дэлгүүрүүд архи согтууруулах ундааг 10.00-18:00 цагийн хооронд худалдан борлуулахыг, үйлчилгээний газруудад 10:00-22:00 цагийн хооронд 18-аас доош спиртийн агууламж бүхий архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг зөвшөөрч, 18-аас дээш спиртийн агууламж бүхий архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглолоо.

•Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор голомтот бүс нутгаас ирж байгаа ажилчид болон ачаа тээврийн жолооч нараас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, хариуг үндэслэн уурхайд нэвтрүүлэхээр боллоо.

•Гуравдугаар сарын 1-нээс зорчигч тээврийн үйлчилгээ эхэлж байгаатай холбогдуулан агаарын тээврээр ирсэн иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна.

•Улаанбаатар хот болон голомтот бүсээс ирсэн иргэдийг гэр бүлийн гишүүдийн хамт 14 хоног гэрийн ажиглалтад байлгах, гэр бүлийн гишүүнээс төрийн болон хувийн хэвшилд ажилладаг ажилтныг цахимаар ажиллуулах нөхцөл боломжоор хангаж, ажилдаа ирэхийг шаардахгүй, цалин хасахгүй байхыг байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт үүрэг болгов.

•Өндөржүүлсэн бэлэн байдлын үед холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, амны хаалт тогтмол зүүх, нэг удаагийн бээлий хэрэглэж хэвших, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэм мөрдөхийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриаллаа.

•Улаанбаатар болон бусад аймаг руу зорчих иргэдэд нотлох баримтыг үндэслэн “нэвтрэх зөвшөөрөл”-ийг Онцгой байдлын газар олгоно.

•Голомтот бүс нутгаас ирж буй нэг хүний ачаа тээврийг ажлын бус цагаар агуулах, дэлгүүрт буулгах, олон хүний дайвар ачааг МСҮТ-ийн хашаанд халдвар хамгааллын дэглэм баримтлан Онцгой байдлын газрын хяналтын дор буулгана.

•Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг ОБГ, ЦГ, МХГ-т үүрэг болголоо.


Холбоотой мэдээ