Бразилд “COVID-19”-ийн улмаас өдөрт хамгийн олон хүн нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-03-03 11:09:47

БРАЗИЛИА. /CNN/. Бразилд “COVID-19” халдварын улмаас мягмар гарагт 1641 хүн нас барсан нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв. Энэ нь өнгөрсөн долоо хоногт бүртгэгдээд байсан өндөр үзүүлэлтийг давжээ.


Ингэснээр Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 257 361-д хүрсэн байна. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразил нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо АНУ-ын араас хоёрдугаарт жагсаж байгаа юм.


Бразилд халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж, вакцин хомсдож буй энэ үед дэд Ерөнхийлөгч Хамильтон Моурао Засгийн газрын баримталж буй хөл хорионы эсрэг байр суурийг зөвтгөж, улсаа “дарангуйлалгүй орон” хэмээн тодорхойлоод, цар тахалтай тэмцэх хамгийн сайн арга зам бол вакцинжуулалтыг түргэвчлэх юм гэж хэлжээ. Түүний мэдээлснээр, Бразилд вакцинжуулалт “сайн” явагдаж байгаа ажээ.


Бразилын Эрүүл мэндийн яамны судалгааны хүрээлэн болох Освальдо Крусын нэрэмжит сангийн мэдээллээр, улсын хэмжээнд хүн амын гурав гаруй хувийг вакцинжуулаад байгаа ажээ. Мөн 19 мужид эрчимт эмчилгээний тасгийн орнуудын 80 гаруй хувь нь дүүрчээ.


Бразилд мягмар гаргийн байдлаар 10 646 926 хүн коронавирусээр халдварласан байна. 

Холбоотой мэдээ