Монголын эрчим хүч клубийн гишүүдийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-03 12:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр ДЭХЗ -ийн Монголын салбар хорооны удирдах зөвлөл, Монгол эрчим хүч клубийн зарим гишүүнийг хүлээн авч уулзав.


Уулзалтаар ДЭХЗ (World Energy Council), салбар хорооны үйл ажиллагаа болон “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх тухай танилцуулж, санал солилцлоо.


Эрчим хүчний сайд Монгол Улсын эрчим хүчний салбарыг бусад улс орны жишигт харьцуулан хөгжүүлэх, залуу үеэ дэмжиж мэдлэг, чадвартай хүний нөөцөө бэлдэхэд төрийн болон ТББ-уудын оролцоо чухлыг дурдаад, “Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид” хөтөлбөрийг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.


Хөтөлбөрт хамрагдсанаар эрчим хүчний залуу мэргэжилтнүүдийн сүлжээнд нэгдэх, ДЭХЗ-өөс зохион байгуулдаг олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээний томоохон үйл ажиллагаанд оролцох, эрчим хүчний тогтвортой байдалд дэлхий даяар тулгамдсан асуудлыг шийдэх чадамжтай ирээдүйн удирдагчдыг бэлдэх аж.


Уулзалтад Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний сайдын зөвлөх, Салбар хорооны удирдах зөвлөлийн дарга П.Товуудорж, ЭХЗХ-ны дарга А.Тлейхан, тус хорооны хэлтсийн дарга Л.Жамбаа болон салбар хорооны удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

 

Холбоотой мэдээ