Захирамжийн хэрэгжилтийг зөрчиж архи, согтууруулах ундаа худалдан борлуулжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-03-03 14:33:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон хугацаанд найман зөрчлийг илрүүлэн шалгажээ.

Аймгийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамжаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх хугацааг энэ оны 1 дүгээр сарын 28-наас 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хориглосон.

Үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа 337 цэгт хяналт тавьж, нийт 109820 ширхэг архи, согтууруулах ундааг лацадсан байна. Дээрх хугацаанд захирамжийн хэрэгжилтийг зөрчиж, архи согтууруулах ундаа худалдан борлуулсан Арвайхээр сумын гурав, Бат-Өлзий сумын дөрвөн хүнсний дэлгүүрийг, мөн хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан Баруунбаян-Улаан сумын иргэн О-ийн зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 5.13.2-т зааснаар хариуцлага хүлээлгэхээр шалгаж байгаа аж.

Архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулах, үйлчлэх зөвшөөрлийг 3 дугаар сарын 1-нээс эхлэн зөвшөөрөөд байна. Гэвч зөвшөөрөл олгогдсон нэг хоногийн хугацаанд аймгийн Цагдаагийн газарт 28 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 13 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх зөрчил байжээ. 

Холбоотой мэдээ