Рашаан сувиллуудыг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрлөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-03-03 14:24:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 7 дугаар хуралдаан 3 дугаар сарын 1-ний өдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ.

Хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 3-ны өдрөөс хуваарийн дагуу эхлүүлэх бөгөөд Улаанбаатар хотоос буюу "Улаан бүс"-ээс ирж байгаа иргэдээс Өвөрхангай аймгийн Тарнийн пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, асуумж бөглөн нэвтрүүлэх юм.

Гэрийн ажиглалтын хугацаа долоо хоног байх ба ажил, сургууль, цэцэрлэгт улаан бүсээс ирсэн хүн ажиглалтын хугацааг дуустал гэрээсээ гарахгүй байх шаардлагыг тавиад байна.

Мөн Хужирт сум дахь рашаан сувиллын газруудыг Эрүүл мэндийн яам болон аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг чанд сахин үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрлөө.

Харин уралдаан тэмцээн, аялал зугаалга /гэр бүлээс бусад/, баар, караоке, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төв, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, жагсаал цуглаан, олон нийтийн арга хэмжээ, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлах шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Холбоотой мэдээ