Аргентинаас 140 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-03-03 16:24:49

БУЭНОС-АЙРЕС. /CNN/. Аргентины Патагониа бүсээс 140 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга том үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ. Судлаачид энэхүү олдворыг хамгийн эртний титанозаврынх байж магадгүй гэж үзэж байна.


Титанозавр нь урт хүзүүтэй, өвсөн тэжээлт төрөл зүйл бөгөөд дэлхий дээр амьдарч байсан хамгийн том амьтдын тоонд багтдаг юм. Судлаачдын мэдээлснээр, шинэ олдвор нь Цэрдийн галавын үед амьдарч байсан “Нинжатан Запатай” гэж нэрлэгддэг төрөл зүйлийнх ажээ.


“Энэхүү олдвор нь Аргентинаас төдийгүй дэлхий дахинаас олдсон хамгийн эртний титанозаврын үлдэгдэл юм” гэж Аргентины Шинжлэх ухааны судалгааны үндэсний зөвлөлийн судлаач Пабло Галлина мэдээлжээ.


Хорин метр өндөр “Нинжатан Запатай” нь том үлэг гүрвэлүүдийн тоонд орох боловч 35 орчим метрийн өндөртэй Аргентинозавр гэх мэт сүүлийн үеийн үлэг гүрвэлүүдтэй харьцуулахад жижиг биетэй ажээ.


Патагониагаас ийнхүү эртний үлэг гүрвэлийн үлдэгдэл олдсон нь титанозаврууд дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсгээс үүсэлтэй гэх таамаглалыг бататгаж байна гэж судлаачид мэдээлжээ. Энэхүү судалгааг “Ameghiniana” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Холбоотой мэдээ