Боловсрол, шинжлэх ухааны салбарынханд төрийн дээд одон, медаль гардуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-03-04 14:14:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд шагнал хүртээв.

 

Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар өнөөдөр гардуулсан юм.

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн ахмад нягтлан бодогч Д.Баянтөр, “Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрлэлийн газрын Захиргаа, хэрэглэгчтэй харилцах хэлтсийн дарга М.Ариунжаргал, Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш Г.Туул, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш У.Эрдэнэбат, ШУТИС-ийн Биеийн тамирын тэнхимийн багш Г.Ерөөлбат нарыг,

Алтан гадас одонгоор БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын ахлах шинжээч Ц.Чимэдлхам, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн Ж.Байгаль, Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургуулийн технологийн багш З. Ганчимэг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш Д.Бадмаанямбуу, нийслэлийн 128 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Оюунгэрэл, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч Г.Батцэнгэл, тус тэнхимийн багш Ч.Байгалмаа нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Батлан хамгаалах их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн сургалт арга зүйн мэргэжилтэн Д.Энх-Амгалан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Молзаяа нарыг тус тус шагнажээ.

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, “Боловсрол, шинжлэх ухааны салбарт өөрийн оюун ухаан, залуу нас, амьдралаа зориулан ажилласан хөдөлмөрөө үнэлүүлэн шагнал гардан авч буй та бүхэндээ халуун баяр хүргэе. Шинэ зууны боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Бид энэ цаг үед орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар Монгол Улсын хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулав гэдгээ дүгнэнэ. Ирэх жилүүдэд салбар улсын хөгжилд ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ тодорхойлсон шинэчлэлийн он жил байх юм. УИХ-аар удахгүй Боловсролын багц хуулийн төслийн шинэчлэлийг хийх томоохон ажил бий. XXI зуун, аж үйлдвэрийн IV хувьсгалд төлөвшил сайтай монгол иргэнийг бэлтгэх чиглэлд та бидний хичээл зүтгэл, сэтгэл, хөдөлмөр оролцоо их бий шүү. Шинэчлэлийн төлөө нэг баг болж ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.


Холбоотой мэдээ