Дархлаажуулалтын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-04 15:44:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар өнөөдөр байгуулсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын баг хуралдлаа.


Уг ажлын багийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажлын багийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг,  Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна. 



Ажлын багийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хороо болон уг ажлын багийн ажлыг уялдаатай байхад анхаарах ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, вакцинжуулах ажил удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, түргэсгэх тухайд анхаарах ёстойг хэлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг вакцинжуулах ажил явж байгаа газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах нь чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаа хийлгэж, түүнд тулгуурлан асуудалд хандах хэрэгтэйг тэмдэглэв. 


Ийнхүү Ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов.

Холбоотой мэдээ