Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-03-04 17:36:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл 2021 оны анхдугаар хуралдаанаа өнөөдөр хийлээ. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн хүүхдийн асуудлаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, үүрэг чиглэл өгөх зэрэг асуудлыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах зорилготой энэ хуралдаан нийт гишүүдийн 90 хувийн ирцтэй болжээ. 

Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээр аймгийн Засаг дарга Д.Золжаргал, 19 сумын Засаг дарга, агентлаг хэлтсийн дарга нараас бүрдсэн 38 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Золжаргал: “Жил бүрийн хүүхдийн чиглэлээр явуулдаг аливаа ажлууд хүүхэд хамгааллын чиглэлд түлхүү анхаардаг бол энэ жилийн хувьд хүүхдийн хөгжил, оролцоонд тулгуурлан ажиллах болно” гэв.

Хурлаар аймгийн ГБХЗХГ-ын дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Уранцэцэг Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг танилцуулж, ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Г.Оюуннаран 2020 оны аймгийн хүүхдийн асуудлаар дэлгэрэнгүй тоон мэдээллийг хүргэв. Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, Зөвлөлийн тэргүүн Д.Золжаргал агентлаг хэлтэс, сумдын дарга нарт холбогдох үүрэг  чиглэлийг өглөө.

Тухайлбал, байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулж, гэр бүл дэх хүүхэд хамгааллыг сайжруулахад албан хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн олон талт ажлыг үе шаттай зохион байгуулах,

Сумдын Засаг дарга нарт:

1. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1.2-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, орон нутагтаа хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах

2. Хүүхэд хамгааллын статистик үзүүлэлтийг аргачлалын дагуу гаргаж дүгнэлт хийж ажиллах

3. Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шатны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих  зэрэг нийтлэг үүрэг, чиглэлийг өгснөөс гадна байгууллага бүрт тусгайлсан үүргийг өгсөн байна.

Холбоотой мэдээ