АТҮТ-ийг тээвэрчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-03-04 19:33:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын нөхцөл байдал, хөл хориотой холбоотойгоор хот хоорондын тээвэр 7 удаа 200 гаруй хоног сул зогсжээ. Өнгөрсөн хугацаанд тээвэрлэлтийн орлого 55-70 хувь багассан тухай Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээллээ. 

Хот хоорондын тээвэрт нийслэлийн нийтийн тээвэр шиг зорчигчдын нөхөн олговор олгодоггүйг холбооны тэргүүн Т.Хүрэлхүү хэлээд, "Автотээврийн тухай хуулиар алдагдалтай чиглэлд нөхөн төлбөр олгохоор заасан ч энэ үйл ажиллагаа өдий болтол хэрэгжээгүй ирсэн" гэв. 

Хот хоорондын тээврийг зохион байгуулах үүргийг ЗТХЯ-наас АТҮТ-д гэрээгээр шилжүүлэн өгч хариуцуулсан ч нөхөн олговрын төлбөр олголт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй. Уг нь АТҮТ зөвхөн зорчигч тээвэрлэгч ААН-үүдээс жилд 8-10 хувийн шимтгэлээр 5.3 тэрбум төгрөгийг өөртөө төвлөрүүлдэг. Дээр нь албан журмын болон сайн дурын даатгалын мөнгийг зорчигч тээвэрчдийн орлогоос шууд авдаг. Мөн өнгөрсөн оны сүүлээр 18 хоног дайчилгаагаар тээвэрлэлт хийн нэг талдаа хоосон явахдаа 1.4 тэрбум төгрөгийн шатахууны өрөнд орсон. Гэвч үүнийг даатгалын хуулиар АТҮТ барагдуулах ёстой ч одоо болтол хэрэгжүүлээгүй байна гэв. 


Гол нь АТҮТ тээвэрчид, тээвэрлэгч ААН-үүдэд дүрэм журмын дагуу хатуу шаардлага тавьдаг ч урамшуулал шагнал болон осол гаргаагүйн хөнгөлөлт өгдөггүй. Энэ бүхнийг төр, засгийн холбогдох байгууллага, салбарын яам анхаарч, тээвэрчдийн өмнө хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаа АТҮТ-ийн бүтцийг өөрчилж цомхон байдлаар ажиллуулан, хот хоорондын тээврийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоо байгууллагад шилжүүлэх хэрэгтэй байна гэв. 

Б.Сэлэнгэ

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ