Улаанбаатар хотод 77 хүнээс коронавирус илэрчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-05 11:09:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 77 хүнээс коронавирус илэрчээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт юм.  


Ингэснээр манай улсад батлагдсан нийт халдварын тохиолдол 3153-д хүрч, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын тоо 2634 болж байна. Гадаад орноос зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй аж. 


Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 71 нь ойрын хавьтлаас буюу 61 нь анхны, 10 нь хоёр дахь шинжилгээгээр халдвартай нь батлагджээ. Харин таван хүний халдварын эх үүсвэрийг тодорхойлохоор ажиллаж байна. 


Түүнчлэн нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлалтад авсан гэж ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа өнөөдөр мэдээлэв. Халдварын эх үүсвэрийг нь тодорхойлж буй таван хүн СХД-ийн 33, 35, 36 дугаар хороо, СБД-ийн хоёрдугаар хороонд оршин суудаг аж.

 

 Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж буй явуулын авто лаборатори, НЭМҮТ, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг ажиллаж буй салбар лабораториудад нийт 13 206 хүнд шинжилгээ хийсэн байна. Нийт 2442 хүн буюу 77 хувь нь эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд одоогоор 696 хүн эмчлүүлж байгаагаас   626 нь хөнгөн, 62 нь хүндэвтэр, 5 нь хүнд, гурав нь нэн хүнд байна.


Холбоотой мэдээ