Улирлын чанартай ажлын байрны захиалга нэмэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-03-05 11:00:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэдээллээр барилга, уул уурхай зэрэг улирлын чанартай ажлын байрны эрэлт нэмэгдэж, захиалга өсжээ.

 

Энэ сарын 1-ний байдлаар нийслэлд 173 ажлын байр шинээр бий болж, 9 дүүргийн нэгдсэн дүнгээр 1149 ажлын байрны захиалга ирж, ажил хайж буй 2708 иргэн бүртгүүлснээр 397 иргэнийг ажилд зуучлан оруулаад байна. Харин улсын хэмжээнд он гарснаас хойш нээлттэй зарласан 2300 орчим ажлын байрны багагүй хувь нь улирлын чанартай байна.


Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор ажлын нөхцөл байдлаас хамаарч ажлын байрны захиалга 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын эцэс хүртэл өсөж, мөн ажил хайж буй хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Энэ байдал 9 дүгээр сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэл идэвхтэй хэвээр үргэлжилдэг аж. 


Түүнчлэн дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо мөн энэ сарын 1-ний байдлаар 1313 байгааг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас мэдээлжээ.


Холбоотой мэдээ