Европын Эмийн агентлаг “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2021-03-05 12:15:42

БРЮССЕЛЬ. /Euro News/. Европын Эмийн агентлаг ОХУ-д гарган авсан “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлснээ пүрэв гарагт мэдэгдлээ.


“Спутник V” вакцины лабораторийн судалгаа, эмнэлзүйн судалгаануудын үр дүнд тулгуурлан үнэлгээ хийнэ" гэж Европын Эмийн агентлаг мэдээлжээ.


Европын Холбооны гишүүн орнууд дундаас Словак Эмийн агентлагаас зөвшөөрөл олгоогүй байгаа “Спутник V” вакцины нийлүүлэлтийг хүлээн авсан хоёр дахь орон /Унгарын дараа/ болсноос хэдхэн хоногийн дараа дээрх мэдэгдэл гарчээ.


Европын Эмийн агентлаг одоогоор гурван вакциныг бүртгэсэн нь “Pfizer/BioNTech, AstraZeneca/Oxford, Moderna”-гийн вакцинууд юм. Тус байгууллага мөн “Johnson & Johnson” компанийн вакцины мэдээлэлд үнэлгээ хийж байгаа ажээ.


“Спутник V” вакциныг санхүүжүүлсэн Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев Европын Эмийн агентлаг вакцины үнэлгээг эхлүүлснийг сайшаагаад, бид “иж бүрэн мэдээллийг” тус байгууллагад хүлээлгэн өгсөн гэж мэдэгджээ.


"Европын Эмийн агентлагийн зөвшөөрлийг авсны дараа бид 2021 оны зургаадугаар сараас 50 сая тун вакциныг европчуудад нийлүүлэх боломжтой" гэж тэрбээр мэдээлжээ.


Эмнэлзүйн туршилтаар 91.6 хувийн үр дүн үзүүлээд байгаа “Спутник V” нь хоёр тунт, энгийн горимд хадгалах боломжтой вакцин бөгөөд 10 ам.доллароос бага үнэтэй байна.


Энэхүү вакциныг дэлхийн 40 орон нийлүүлэн аваад байгаагийн дунд Серби, Монтенегро, Молдав, Унгар зэрэг Европын орнууд багтаж байна. Словакийн хувьд эхний нийлүүлэлт болох 200 мянган тун вакциныг өнгөрсөн амралтын өдрүүдээр хүлээн авчээ.


Харин Унгар "Брюсселийн шийдвэрийг хүлээхгүйгээр" “Спутник V” вакциныг энэ оны нэгдүгээр сард бүртгэж, хоёрдугаар сарын дунд үеэс тарьж эхэлжээ. 

Холбоотой мэдээ