Байгаль орчны дэд сайд Баянхонгор аймагт ажиллаж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-03-05 15:06:07

Баянхонгор /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Дэд сайдыг ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт Засаг дарга Д.Мөнхсайхан албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Засаг дарга Д.Мөнхсайхан байгаль орчин, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар орон нутгийн хэрэгжүүлэх бодлого, зорилт арга хэмжээний талаар товч танилцуулсан юм. Мөн үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Ц.Батбаяр, "Дэлхийн хамгийн эмзэг эко системтэй 10 орны наймд нь Монгол улс ордог. Энэ утгаараа цөлжилттэй тэмцэх, зэрлэг ан амьтнаа хамгаалах, рашаан ус орчмыг зохистой ашиглах, хамгаалах, бичил уурхайн асуудал буюу байгалийн нөхөн сэргээлтэд онцгой анхаарч ажиллаарай" гэдгийг аймгийн удирдлагад хэлж байв.

Баянхонгор аймаг байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Шаргалжуутын рашаан ус орчмыг орон нутаг өөрийн хамгаалалтдаа авч, улмаар олон улсын жишигт нийцсэн орчин болгон тохижуулах гэж буй. Ийнхүү орон нутгийн орлогоо нэмэгдүүлж, байгалийн зүй тогтлын зохицлыг өөрөөр нь хангах, хамгаалах, хөгжүүлэх тухайд анхаарч буй тухайгаа салбарын дэд сайдад аймгийн Засаг дарга танилцуулсан юм. Мөн тэрээр, тус яамны бодлогын байгууллагууд хүч тарамдах бус нэгдсэн бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага орон нутагт байгааг яриандаа онцлон тэмдэглээд, салбарынханд олгож буй төсвийг үр ашигтай зарцуулахын тулд шат дараатайгаар тухайн жилд нэг томоохон ажил арга хэмжээ рүүгээ төвлөрүүлдэг байх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлэв.

2021 онд Баянхонгор аймагт байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 44 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр салбар яамнаас төлөвлөжээ. Ингэхдээ орон нутгийн оролцоог хамгийн их чухалчилж үзэх бөгөөд хамтын ажиллагааны үр дүнгээс Баянхонгор аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын цаашдын хөгжил тодорхойлогдоно гэж үзсэн юм.

Холбоотой мэдээ