Ширээний теннисчид олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Дохаг зорив

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-03-05 15:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ширээний теннисний шигшээ баг энэ сарын 14-20-нд Катарын Доха хотноо болох олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээнд оролцохоор пүрэв гарагт хилийн чанадыг зорив.


Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн, дэд мастер Ж.Мөнхзориг, эмэгтэйчүүдээс спортын мастер Б.Должинзуу, спортын мастер Б.Болор-Эрдэнэ нар оролцоно.


Монголын ширээний теннисний холбооны удирдлагууд шигшээ багийн тамирчдыг явахын өмнө уулзахдаа МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга "Олимпын эрхийн урьдчилсан шатны тэмцээнээ нэр төртэй үргэлжлүүлж, амжилттай оролцохыг хүсээд шигшээгийн бүх тамирчинд "Butterfly" фирмийн иж бүрдэл хувцас хэрэгслийг гардуулсан байна.


Энэ үеэр гавьяат тамирчин Т.Болд шигшээ багийн ахлагч, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрахад Монгол Улсын алтан соёмбот Төрийн далбааг гардуулж, “Биднийг маш хариуцлагатай хоёр тэмцээн хүлээж байна. Та бүхэн талбай дээр юу чаддагаа харуулаад, амжилт гаргаад ирээрэй” хэмээн захив.


Монголын ширээний теннисний шигшээ баг БТСУХ-ны тусламжтай Найрамдал зусланд 45 хоног бэлтгэл хийсэн бөгөөд Дохад тэмцээнд орсныхоо дараа  3 дугаар сарын 21-нээс 4 дүгээр сарын 5-нд Казакстаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байгаад эх орондоо ирнэ.

Холбоотой мэдээ